top of page

С.Нямжав: Улсынхаа төмсний үрийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх том зорилготой ажиллаж байна


Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсдаа анхдагч гэгддэг төмсний төрөлжсөн аж ахуй болох “Элит үр” ХХК Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн туршлага дээр тулгуурлан “Сэлэнгэ” нэрийг тодорхойлсон өөрийн брэндийн шинэ үртэй болохоор ажиллаж байгаа гэдгээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тус компанийн талбай дээр Монгол Улсын Ерөнхий сайдад онцлон хэлсэн. Ингээд монголдоо цор ганц байдаг төмсний үржүүлгийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж буй талаар тус компанийн захирал С.Нямжавтай хөөрөлдлөө. -Сайн байна уу, та. Хаврын тариалалтын эд ажил өрнөөд их л завгүй үед тань уулзаж байна аа даа? Монголдоо анхдагч элит үр үйлдвэрлэгч компанийн ажил үйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд газар дээр нь танилцаж яваа нь танай хамт олны хувьд бас олзуурхууштай үйл явдал болж байх шиг? -Сайн, сайн байна уу. Тийм шүү. Тариаланч бидний жинхэнэ хөдөлмөрийн улирал шүү дээ. Монголын ард түмнээ цэвэр экологийн хүнсээр хангах ариун үйлстэй бид чинь бор зүрхээрээ зүтгээд барахгүй зүйл гэж бий шүү дээ. Энэ завшааныг ашиглаад хийсэн, мөн хийх гэж байгаа ажил төрлөө танилцуулаад л авлаа. Бидний ажилд төрийн бодлогоор хэрэгжих дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ үед яг үйлдвэрлэлийг газар дээр нь ирж үзэж танилцана гэдэг ёстой бодит шийдвэр гаргахад нөлөөлж байгаа юм. Бид маш их баяртай байна. -Засгийн газрын тэргүүнд чухам ямар асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Таны ярианаас гаднаас оруулж ирж байгаа үрийн гаалийн татвар өндөр байдаг гэж сонслоо? -Гаднаас оруулж ирж байгаа зарим чухал үр дээр гаалийн татварын асуудлыг эргэж харж үзэх хэрэгтэй байна. Энэ үрийг бид байнга оруулж ирээд байхгүй шүү дээ. Хавартаа нэг л удаа оруулж ирж байгаа. Өндөр үнэтэй үрийг гаалийн татвараас чөлөөлөхгүй бол ард иргэд худалдаж авах боломжгүй болно. 2015 онд "Монгол төмс" төсөл дууссан. Сүүлийн гурван жил импортоор орж ирж байгаа супер элит үрийг компани өөрөө төлж авч байгаа. Бид элит үрийг 750 төгрөгөөр худалддаг. Иймээс дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдтэл гаднаас оруулж ирж байгаа үрийн гаалийн татвар дээр анхаарч өгөхийг хичээнгүйлэн хүссэн. Бид гаднаас оруулж байгаа төмснийхөө 30 хувьд гаалийн татвар төлдөг. 25 тонн төмсөнд 15 сая төгрөгийн гаалийн татвар төлж байна. Үүн дээр засаг төрөөс анхаарч өгөхгүй бол үр үйлдвэрлэл хөгжих ямар ч үндэсгүй болох гээд байна. Энэ үнэтэй үрийг үр үржүүлгийн компаниуд аваад дараагийн борлуулалтанд хүндээр тусна. Бидэнд ч өндөр үнэтэй үрийг авах боломж муу байдаг. Үүнийг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Нааштай хариу гарна гэдэгт итгэж байгаа. Өнөөдөр 2800 төгрөгөөр гадны үр орж ирээд  нэг жил таригдаж байна. Тэгээд дор хаяж 1500-гаар зарахгүй бол компанийн санхүү бас болдоггүй. Манай компани үр үржүүлгийг 21 аймгийн 21 аж ахуйн нэгжид борлуулдаг системийг бий болгосон. Манайхаас гарсан элит үрийг тэр компаниуд авч, орон нутагтаа үржүүлээд баталгаат үрийг  гаргадаг юм. Тэр үйлдвэрлэсэн баталгаат үрээ цааш нь дамжуулан үрээ солих хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд өгдөг. Ийм системийг монголдоо бий болгоод байна. Мөн бид Сэлэнгэ брэндийн төмсний үр гаргах, мөн улсынхаа төмсний үрийг 100 хувь дотооддоо хангах эрхэм зорилгыг өмнөө тавин ажиллаж байна. -Маш том зорилгын дор монгол орныхоо хүнсний аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа танай хамт олонд амжилт хүсье. Одоогоор хичнээн сортын төмс тариалж байна. Бас шинэ сорт тариалж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач? -Монгол оронд нутагшсан төмсний элит үрийг ганцхан манайд үйлдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар солист, гала, куарта сортын төмс тариалж байна. Бид шинээр чипсний сортыг тариалж эхэлсэн. Бид Салбарын яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилт тавьсан. Бид жилдээ нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлохгүй байх бүрэн боломжтой болно. 2016 онд бид үрийн төмсөө 100 хувь дотооддоо хангах зорилгоор гарааны компани байгуулсан. Ингэхийн тулд лабораторийн тоног төхөөрөмжөө монголдоо оруулж ирэх ёстой. Бидний гол зорилго бол гаднаас авч байгаа 60 хувийг монголдоо оруулж 100 хувь үрийн төмсөө дотооддоо бэлтгэх. Энэ жил яамнаас манай гарааны компанид 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүгээрээ бид Солонгосын гидропоник системийг шинээр суурилуулж байна. Тэнд Солонгосууд ирсэн ажиллаж байгаа. Ирэх жил ямар ч байсан дотооддоо үйлдвэрлэж байгаа 40 хувиа 70 хувь болгох боломж гарч ирж байна. Энэ системээр явах юм бол гурван жилийн дараа бараг 100 хувь болно. Жилд бид нар 250 мянган бичил булцуу үйлдвэрлээд байвал гаднаас авах шаардлагагүй болно. Одоо бол 70-80 мянгыг гаргаж байгаа. 250 мянган булцууг гаргахын тулд био технологийн лабораторийг өргөтгөх, бас нэмэгдэл төхөөрөмж тавих шаардлагатай. Үүнийг үе шаттай хийчих юм бол дотооддоо үрийн төмсөө 100 хувь хангах боломжтой болж байгаа юм. -Нэгэнт зорьсон, эхэлсэн ажлаа үр дүнтэйгээр дуусгана гэдэгт итгэж байна. Энэ жил хичнээн га-д тариалалт хийв. Явц хэр байна? -Манайх энэ жил 55 га-д төмс, 310 га-д улаанбуудай, 10 орчим га-д хүнсний ногоо, 70 орчим га-д буурцагт ургамал тариалж байна. Одоогийн байдлаар төмс 70 хувьтай, улаанбуудай 30 хувьтай тариалалт явагдаж байгаа. Бид сэлгээний ургамал болох буурцагт ургамалдаа ихэвчлэн вандуй тариалдаг. Энэ маань хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, хамгаалахад ихээхэн ач холбогдолтой ургамал л даа. Өнөөдөр Монгол оронд тариалж байгаа зургаан шинэ сортын элит үрийг манай компани гаргадаг. -Танай элит үрээр тариалсан нөхцөлд ургац алддаггүй гэсэн. Нууц нь юундаа байна. Түгээлт болоод техник технологийнхоо талаар тодруулахгүй юу? -Хушаат сумынхаа цэвэр сайхан хөрсөнд тарьж ургуулсан энэхүү сортоо бид Монгол орныхоо 21 аймгийн 260 гаруй сум, аж ахуй нэгжүүдэд нийлүүлж байна. Бидний бас нэг онцлог бол үйлдвэрлэлдээ Германы техник, Голланд технологийг нэвтрүүлэн ажилладаг явдал. Үүнийхээ үр дүнд ч өндөр ургац авч байгаа. Мөн төмсний эрүүл, элит үрээр тариалалт хийснээр тухайн аж ахуйн нэгжүүд 4-5 жилдээ тогтмол өндөр ургац авах боломжтой. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан ололт юм. Би төмсний үр үйлдвэрлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Өөрийнхөө 26 жилийн хөдөлмөрийнхөө үр шим, эрдмийн ажлынхаа үр дүнг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирлээ. Манай компанийн нийт ургацын 85 хувь нь үр байдаг. Бид таваарын том төмс үйлдвэрлэдэггүй. Манай сэлэнгэчүүдэд боломж их бий. Хаяанд нь байгаа болохоор ойроос үрээ шинэчлээд байх боломжтой. Холоос авч зардал болохгүй, хэмнэлттэй. Хүмүүс одоо үрээ шинэчлэхээ мэддэг болсон. Шинэ үр, эрүүл үр авснаар өндөр ургац авч байна гэдгээ сайн ойлгодог. Манай үр бараг ихэнх нь захиалгаар борлуулагддаг. Сайн чанартай учраас дорхноо дуусчихдаг. Одоо манайд зарах үр байхгүй. Бүгд зарагдаад дууссан. Бид Хушаатынхаа ногоочдод үрээ өгдөг. Мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлаад жил бүр 25 тонн үр үнэгүй тараадаг. Түүнчлэн жилд 5-8 сая төгрөгийн хандивын ажлыг сумандаа хийдэг. Учир нь энэ сумын хөрс шорооноос амьдарч, ашиг олж байгаа учраас нийгэмдээ тустай үйлийг хийхийг зорьдог. -Танайх шинэ сорт гаргахдаа Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн байх аа? -Би Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Өмнө нь эднийхээс үрээ авч шинэчилдэг байсан. Одоо ч бас авч байгаа. Дарханы эрдэм шинжилгээний хүрээлэнгийн биотехнологийн лаборатори дээр төмсний бичил булцууг ихэвчлэн гаргадаг юм. Түүнийг нь манайх авч үйлдвэрлэл дээрээ хоёр жил үржүүлээд жинхэнэ элит үрийг бий болгодог. Бидний хувьд үрийн аж ахуйн “G-2” гэсэн шинэ системээр ажилладаг. Энэ маань нэлээд ажиллагаатай үйлдвэрлэл Нэг ёсондоо үрийн аж ахуйн системийг Монголд тогтоогоод байна. -Нэг сортыг хичнээн жил тариалж байна. Одоо тариалж байгаа шинэ сортоо тодруулаач. Чипсний сорт гэсэн үү? -Одоогийн байдлаар Монгол оронд нутагшсан  зургаан сортоос гала сорт бол Монголын нийт төмсний талбайн 73 хувьд тариалагддаг. Мөн нэн эртийн болцтой солист гэж сорт бий. Мөн санта, куварта, анушка, чеподи сортууд байна. Чеподи сортоор чипс, савхан төмс хийдэг юм. Одоо манай компани дээр Голланд, Германы 35 сорт туршигдаж байгаа. Тухайлбал, харолли гээд 60 хоногийн болцтой эртийн сорт байна. Ирэх жилээс үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж байна. Мөн аллори гэдэг сорт байна. Ер нь төмсний сорт чинь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг сорт байнга байгаад байж болохгүй. Араас нь дахиад Монгол орныхоо байгаль цаг уурт тохирсон, өндөр үр ашигтай, өвчлөл багатай, болц хурдтай, богино болцтой сортууд гаргаж байна. Мөн өөрийнхөө компанийн дэргэд савхан төмсний үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар бэлтгэлээ хангачихаад байна. Үйлдвэр маань энэ онд ашиглалтанд орно. Өнөөдөр хагас хөлдөөсөн савхан төмс ихэвчлэн хятад улсаас авч байгаа учраас энэ гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг Монголдоо татах зорилгоор дотооддоо үйлдвэрлэдэг байя гэж шийдээд энэ үйлдвэрийг байгуулах гэж байна. Нэг ёсондоо импортыг багасгая гэсэн санаа. Үйлдвэрээ Хушаат сумандаа ажиллуулна. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор гаднаас орж ирж байгаа савхан төмс, чипсийн 20 хувийг хангах урьдчилсан тооцоо байгаа. Жилдээ 50 тонн савхан төмс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр л дээ. Сумаасаа 20-иод хүнийг ажлын байртай болгох юм. Шинээр баригдаж байгаа савхан төмсний үйлдвэр маань Германы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Манай “Элит үр” компани үндсэн 12 ажилтантай, хавар, намрын улиралд түр ажилтантайгаа 60 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. -Танайх Герман, Голландын техник, технологийг ашигладаг гэлээ. Тэгэхээр энэ технологи дээр ажиллаж чадах мэргэжлийн боловсон хүчинг бас бэлдэх хэрэгтэй болох байх…? -Тэгэлгүй яахав. Боловсон хүчнээ чадавхижуулах хамгаас чухал. Манайх хүмүүсээ Германд сургаж мэргэжлийг нь дээшлүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд зургаан сарын хугацаагаар нэг хүн сургасан. Одоо дараагийн хүн маань явах гэж байна. -Өнгөрсөн жилийн ургацын үр дүнгээрээ танай хамт олон Улсын аварга гэсэн эрхэм цол хүртэж байсан. Энэ талаараа . . .? -Манай “Элит үр”  компани нь өнгөрсөн жил 50 га талбайд төмс тариалж, 1206 тонн ургац хураан авсан. Энэ маань сум болон аймагтаа өндөр үзүүлэлт болж чадсан. Эдгээр ажлынхаа үр дүн амжилтаараа бид улсын хошой аварга хамт олон болсон. -Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Өмнөө тавьсан том зорилгодоо хүрэх үйлсэд тань амжилт хүсье.

Ч.Отгонцэцэг 

175 views0 comments
bottom of page