top of page

Ж.Энхзаяа: Ашгаас илүү шинэлэг хэрэглээ бий болгохыг хүсдэг


Сүүлийн үед иргэд хагас болон бүтэн боловсруулсан органик бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлага нэмэгдэж буй.

Тэгвэл бүх төрлийн хүнсний ногоог удаан хугацаанд чанарыг нь алдагдуулахгүй хадгалах зориулалт бүхий вакуум савлах аргыг орон нутагт нэвтрүүлжээ.

Буянт үр жимс инженерийн нэгдэл ХХК буюу “БҮЖИН” жимс ногоо боловсруулах цех нь газар тариалан, ногоон байгууламжийн чиглэлээр тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус цех мэргэжлийн таван ажилтантай. 2019 оноос эхлэн төмс, хүнсний ногоог хагас болон бүтэн боловсруулж, вакуум савлагаанд хийдэг болсон.

“БҮЖИН” жимс ногоо боловсруулах цехийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж, хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тухай менежер Ж.Энхзаяатай ярилцлаа.

Тус цех хүнсний ногооны вакуум савлагаа нэвтрүүлсэн. Үүний давуу тал юу вэ? -Манай хамт олны зорилго бол түүхий эдийн унаган төрхийг эвдэхгүйгээр, шинж чанар, шим тэжээлийг нь хэвээр хадгалсан эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Ургамлын гаралтай түүхий эдийн тогтмол хэрэглээ, улирлын чанартай тариалалт, ургацтай уялдан тэдгээрийг тодорхой хугацаанд нөөцлөн хадгалах зайлшгүй шаардлага гардаг.

Түүнчлэн түүхий эдийн чанар нь хадгалалт, тээвэрлэлтийн явцад алдагдаж, шаардлага хангахгүй болох магадлал өндөр байна. Тиймээс их хэмжээний хүч хөдөлмөр зарцуулан тарьсан ногоог чанарын хамгийн бага алдагдалтайгаар боловсруулж, иргэдэд хүргэхээр манай цехийн хамт олон зорьж байгаа.

Вакуум савалгаа гэдэг нь хүнсний бүтээгдэхүүн савласан уутны агаарыг соруулан лацдаж битүүмжлэл хийдэг технологи юм.

Савалгаанд байгаа хүчилтөрөгчийг соруулан авснаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нэмэгддэг. Учир нь агаартай орчинд амьдардаг нян бактери, мөөгөнцрүүдийн өсч үржих нөхцөлийг хааж, хүнсний бүтээгдэхүүний чийг ууршиж хатах, агаартай исэлдэх зэрэг сөрөг урвалыг зогсоодог. Вакуум савлагаатай хүнсний ногоог идэхэд ямар ч аюулгүй. Тухайн хүнсний бүтээгдэхүүний чанарыг нь алдагдуулахгүй хадгалдаг гэдгээрээ онцлогтой.

Жишээ нь: төмсний хальсыг арилгаад хэсэг хугацаанд тавихад өнгө хувирдаг. Харин төмсийг вакуум уутанд савалснаар хэзээ ч харлах, хатах зэрэг сөрөг нөлөө үүсэхгүй. Стандарт, хадгалалтын горимын дагуу хөргүүрт -0-5 градуст долоо хоногийн хугацаанд хадгалахад ямар ч асуудал үүсэхгүй  шинэхэн байдаг.


Танай бүтээгдэхүүнийг хэрэглэхийн давуу тал юу вэ?

-Бид өглөөнөөс орой хүртэл завгүй ажилладаг. Гэртээ ирээд хөргүүрт хийсэн хагас болон бүтэн боловсруулсан хүнсний ногоо ашиглаж хоол хийх нь маш хялбар. Цаг хугацаа хэмнэх боломжтой.

Өвөл, хаврын улиралд зориулалтын бус аргаар хадгалсан ногоо худалдан авч, хүнсэнд хэрэглэх тохиолдол бий. Ногооны нэг тал нь өвчилсөн, зөөлөрсөн, зүсэгдсэн гэх мэт хаягдал, хорогдол их гардаг.

Худалдан авсан ногооны 40-50 хувь нь хальс болж хаягддаг. Тэгвэл стандартын дагуу боловсруулсан ногоо, бидний шинээр хийж байгаа бүтээгдэхүүнээс ямар ч хаягдал гарахгүй.

Жишээ нь: манай цехийн хамт олон салатны төмсний бэлдэц хийж байна. Хүмүүс аливаа баяр ёслолын үеэр заавал өөрийн гараар төмс арилгах, бэлтгэх эсвэл хэн нэгнийг гуйж хийлгэх шаардлагагүй боллоо.

Эдгээр асуудлыг хөнгөвчлөх зорилгоор хүнсний ногоог боловсруулж, савлах санаачилгыг орон нутагт нэвтрүүлсэн юм.

Одоогоор хэдэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл олгосон 4-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тухайлбал, алаг салат, хүрэн манжингийн салат, нийслэл салатны бэлдэц, хэрчсэн лууван, ногооны холимог багц гэх мэт.

Хүрэн манжин болон алаг салатыг иргэд шууд хэрэглэх боломжтой. Харин ногооны холимог багц, хэрчсэн лууван  зэргийг бүх төрлийн хоолонд болгож хэрэглэнэ.   

Нийслэл салатны бэлдэцний тухайд жин 1.5 кг, үнэ 3000 төгрөг. Хэрчиж савласан хүрэн манжин 200 гр хэмжээтэйг нь 1000 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Ташрамд хэлэхэд, иргэд хүнсний ногоог хүссэн хэмжээгээр захиалж, вакуум аргаар савлуулж авах боломжтой гэдгээрээ онцлогтой.


Бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын тухайд?

-Бидний хийж буй бүх төрлийн бүтээгдэхүүнийг хуурай, сэрүүн орчинд хөргүүрт -0-5 градус температурт 7-14 хоногийн хугацаанд хадгалах учиртай. Харин бүтээгдэхүүний вакуум савлагаа алдагдсан тохиолдолд хэрэглэх боломжгүй. Савлагааны вакуумжилт алдагдсан бол хий гарч сулардаг.


Бүтээгдэхүүнээ хаана борлуулдаг вэ?

-Манай цех нэрийн бүтээгдэхүүнээ “Эвийн хүч” худалдааны төвийн 42 дугаар лангуунд борлуулж байна. Мөн Домбот хүнсний дэлгүүр, НВЦ бөөний төв (Өнхрүүш бэйкери 1 давхар) зэрэг дөрвөн цэгээр дамжуулан бүтээгдэхүүнээ түгээж буй.

Хүнсний ногоогоо өөрөө тарьдаг. Тэгэхээр жилд хэчнээн га-д ногоо тарьж зах зээлд нийлүүлдэг вэ?

Манай цех Ховд аймгийн Буянт суманд 6 га талбайтай. Түүний 1.8 га газарт төмс, хүнсний ногоо тарьдаг.

2019 онд нийт 32 орчим тн ногоо хураан авсан. Дийлэнх хувийг төмс, тарвас эзэлдэг. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан тариалалтын бэлтгэл ажлаа эхэлсэн. Энэ жил 1.8 га талбай болон хэд хэдэн хүлэмжид ногоо тарина.   


Ховдод маш олон ногоочид бий. Тус цехийн боловсруулсан хүнсний ногоог иргэд хэр хүлээн авч байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар байна вэ?

-Анх иргэдэд мэдээлэл бага байсан. Гэхдээ одоо борлуулалтын  5 цэгтэй болж,  иргэдийн худалдан авалт сайн байгаа.

Үйлдвэрлэл эрхлэх гол суурь нь түүхий эд. Түүхий эдийг бид нутгийнхаа эрүүл хөрсөнд тарьж ургуулж байна. Ургуулсан ногоог ангилж, хадгалаад, боловсруулж байна.  

Хүнсний ногоо нэгэн жигд хэмжээтэй байх нь ховор. Тэгэхээр стандарт хэмжээтэй ногоог зах зээлд шууд нийлүүлнэ. Харин стандарт бус буюу хэт том, жижиг хэмжээтэй ногоог боловсруулсан бүтээгдэхүүн болгодог.

Боловсруулалт хийхдээ хамгийн энгийн буюу вакуум савлагч, хэрчигч машин зэргийг ашиглаж байна.

Аймаг орон нутагтаа нэмүү өртөг шингээж, бүтээгдэхүүний хаяг, сав баглаа боодолтой болсноор зах зээлд өрсөлдөх чадвар, шинэлэг байдал нэмэгдсэн. Хаяг шошгийг орон нутагт захиалж хийдэг.

Хамгийн гол нь тогтмол ажлын байр шинээр бий болж байгаа. Одоогоор үндсэн 3, туслах 2 ажилтантай. Гадна талбайн арчилгаа, ургац хураалтын явцад цагийн ажилтан авч ажиллуулдаг.

Цехийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар цаашид юу төлөвлөж байна вэ?

-Одоогоор вакуум савлагаа ашиглаж байна. Энэ намраас шилэн савлагаатай бүтээгдэхүүн хийх төлөвлөгөөтэй байгаа. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг утгаараа байр, агуулах, дотоод орчны стандарт, эрүүл ахуй чухал. Тиймээс цаашид цехийн үйл ажиллагааг үйлдвэр болгон өргөтгөх, 2-3 төрлийн тоног төхөөрөмж авах, дахин ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.  Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шинэчлэх зорилготой байна. 

Шинэ ажил эхлэхэд дэмжлэг чухал. Та шинээр бизнес эрхэлж буй залуучуудад туршлагаасаа хуваалцана уу?

-Залуучууд бид хийж буй зүйлдээ тууштай байж, шинийг сэтгэж, аливааг шинэчилж шинжлэх ухаанч, инновац нэвтрүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Орон нутагт органик хүнсний ногоо, зуны хүлэмж, жимс, ногоо боловсруулах цех байгуулах гээд алхам алхмаар өрхийн аж ахуй маань ѳргѳжиж байна. Би одоо гурван хүүгийн ээж. Миний хань, гэр бүлийнхэн намайг үргэлж дэмждэг, тусалдаг. 

Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж, зүтгэхэд шинэ боломжууд маш их байна. Ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт шинийг санаачлан хэрэгжүүлэх боломж нээлттэй.

Анх бизнесээ эхлэхэд хөнгөлөлттэй зээл, боломжуудын талаар судалж байсан. Улмаар 2019 онд аймгийн ХХҮГ-ын залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих “Start up” хөтөлбөрт оролцож, 3 жилийн хугацаатай 10 сая төгрөгийн хүүгүй зээлд хамрагдсан. Ингээд хэрчигч машин зэрэг тоног төхөөрөмж авсан юм. Би ашгаас илүү шинэлэг хэрэглээ бий болгохыг хүсдэг. Навчит ба нарийн ногоог стандартын дагуу тарих мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх, сурган дадлагажуулах хэрэгтэй гэсэн бодол бий. Юуны өмнө хүн ямар зүйл хийхийг хүсч буйгаа тодорхойлоод алхам алхмаар төлөвлөж, эрсдэлийг тооцох, алдаанаасаа суралцах, бусадтай харилцаа холбоо тогтоох замаар өргөжин хөгжих боломжтой.


Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 


Эх сурвалж: Ховд /МОНЦАМЭ/. 

525 views0 comments

Commentaires


bottom of page