Есдүгээр сарын дундаас аравдугаар сарын дунд үеийг Тариаланчдын сар гэж нэрлэж болох юм. Энэ өдрүүдийг мөн тариа буудайнаас авахуулаад хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж газрын үр шимийг зон олондоо хүртээх, тариаланчдаа дэмжих, талархах боломж гэж ч харж болох юм. Тэд хөдөө хөрч, гадаа гандан, хаврын хавсрага, зуны ган халууныг даван хөдөлмөрлөсөөр үр шимээ хурааж буй ахархан хугацаа нь энэ. Бид тариаланчдынхаа хөдөлмөр бүтээлийг худалдан авснаар өрхийн аж ахуй, тогтвортой хөгжил, эрүүл нийгмийг бий болгоход тусалж чадна.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс оронд ч намар цагт Үндэсний тариаланчдын өдрүүдийг тэмдэглэн өнгрүүлдэг уламжлал байна. Энэ өдрүүдэд тариаланчид өрхийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй орон нутгийнхаа эдийн засагт ч ихээхэн хөрөнгө оруулж байдаг учраас ийн нэрлэжээ.
Тариаланчдын бүтээгдэхүүнээ дэлгэдэг Яармаг худалдаанд очсоноор Та юуг мэдэж авах, юу сонин содон байдаг талаар багахан зөвлөгөө, мэдээлэл бэлтгэлээ.
1. Бодит амтыг амтлаарай
Яармаг худалдаагаар зарагдаж буй хүнсний ногоо нь хамгийн шинэ, хамгийн амттай нь байдаг. Яагаад гэвэл тэд талбайгаасаа шууд авчран худалддаг учраас тэр. Удаан хадгалаагүй, холын тээвэр туулаагүй байх нь бүтээгдэхүүн шинээрээ байх үндэс юм.
2. Улирлын онцлогийг мэдрээрэй
Хүнсний ногооны болц харилцан адилгүй байдаг. Иймээс аль үед ямар хүнсний ногоо шинээр худалдаалагддаг талаар мэдэж авахад илүүдэхгүй. Өвөл хүлэмжийн нарийн ногоо, зуны улиралд лооль, хэмх харин намар амтат хулуу шинээрээ байгааг та анзаарсан байхаа.
3. Өрхийн болон орон нутгийн эдийн засгийг дэмждэг
Дэлхийн олон орны өрхийн аж ахуй эрхлэгчдийн байдлыг авч үзвэл хүнсний үйлдвэрлэл давамгайлж байна. Иймээс өрхийн хэмжээний тариаланчид зах зээл дээр тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү байдаг. Иймээс яармаг худалдаагаар бүтээгдэхүүнээ худалдах нь өрхийн бизнес эрхлэгчид дундын зуучлалгүйгээр ахиу үнээр худалдах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр өрхийн аж ахуйгаа авч үлдэх боломж, нөхцөл болохоос гадна орон нутгийн эдийн засагт ч хувь нэмрээ оруулах боломж бүрддэг ажээ.
4. Гарал үүсэл нь тодорхой байдаг
Хүнсний дэлгүүр, захаар худалдаалдаг хүнсний ногоо нь олон газраас нэг зэрэг ирснээр гарал үүслийг тогтоох боломжгүй болдог. Харин тариаланчдын гар дээрээс худалдаалагдаж буй ногоо, жимс нь гарал үүслийн хувьд баталгаатай байдгаараа давуу талтай.
5. Сонин, содон жимс, ногоотой танилцана
Яармаг худалдаагаар үйлчлүүлбэл дундаж супермаркетад байдаггүй сонин, содон бүтээгдэхүүнийг олж харах болно. Час улаан лууван, нил ягаан цэцэгт байцаа, ногоон сармис, бөднө шувууны өндөг, шаргал мөөг ч бий. Энэ бол манай гаригийн биологийн олон янз байдлыг судлах, амтлах сайхан боломж юм.
6. Тариаланчидтай танилцаж, холбоо тогтоох боломж
Яармаг худалдаанд очвол бүтээгдэхүүнээ худалдаалахаар тариаланчид өөрийн биеэр байж байх нь элбэг. Тэгвэл тариаланчидтай уулзан хэрхэн тариалдаг болон тэдний үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг талаар ярилцаж болно. Мөн худалдан авч буй хүнснийхээ талаар дэлгэрэнгүй мэдэж авахаас гадна хэрхэн хадгалах, яаж боловсруулах, хэрхэн хэрэглэх талаарх нэмэлт мэдээлэлтэй танилцана. Мөн цаашдаа холбоо тогтоох суваг болно.
7. Хоол хийх зөвлөмж, жор, хоолны санааг сураарай
Зарим улс орнуудын Яармагуудын үеэр худалдаачид тухайн хүнсээр хэрхэн хоол хийх талаар зөвлөгөө өгөхөөр тогоочийг урьж ажиллуулах тохиолдол байдаг. Тэгснээр хоол хийх жор, хоолны санаа, зөвлөмжийг үнэгүй авдаг.
8. Найз нөхөдтэйгөө холбогдох боломж
Яармаг худалдаа бол дэлгүүр хэсэхээс өөр зүйл. Энэ бол намрын налгар өдрүүдэд найз нөхөдтэйгөө холбогдон шинэхэн бүтээгдэхүүн үзэж сонирхох сайхан боломж юм. Басхүү гайхамшигт амьдралын бас нэгэн өнгө юм шүү. Хотын завгүй амьдралаас бага ч атугай хөндийрч найз нөхөд, үр хүүхдийнхээ хамт амьдралын амтыг мэдэрч, амарч зугаалах сайхан боломж болгоорой.
Comments