Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2004 онд байгуулагдсан “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо” ТББ өдгөө нийт 36 салбар, 1,380 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус байгууллага 2004-2015 оны хооронд “Монгол төмс” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, манай улс дотооддоо төмснийхөө үйлдвэрлэлийг 100 хувь хангаж, нутагшсан шинэ сортынхоо үрийг үржүүлэн, сайн чанарын төмсний үрээр тариаланчдаа хангадаг болсон билээ.
Үүгээр зогсохгүй 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн ХХААХҮЯ-ны хүсэлтээр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол ногоо ” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд дэвшилт гаргах зорилгоор дотооддоо тариалсан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Иймд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ач холбогдлын талаар “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандахтай ярилцлаа.
- Сайн байна уу. “Монгол ногоо” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх болсон шалтгаан юу байсан талаар хуваалцахгүй юу?
- Монгол Улс Хятадаас жилд 40-60 мянган тонн хүнсний ногоо импортоор оруулж ирдэг бөгөөд үүний 60-70 хувийг байцаа, сонгинолог ургамал эзэлдэг. Тэр утгаараа “Монгол ногоо” төсөл нь хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортоор орж ирдэг ногоог дотооддоо тариалдаг болоход дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гадаадаас хүнсний бүтээгдэхүүн хяналтгүйгээр импортлогдож орж ирэх нь хүнсний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангаж чадахгүй тул дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхдээ дотоодын төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд “Хөдөө аж ахуйн зохистой дадал”-ыг /ХААЗД/ нэвтрүүлэх нь чухал.
ХААЗД гэдэг нь товчоор газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.
Уг дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуульд 2015 онд заасан. 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлэн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн.
Төрөл бүрийн сургалт явуулж, сургалтын үр дүнгээрээ баталгаажуулалтын ажилд оролцох аудитууд, зөвлөхүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулсан. Ногоочдод Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагын талаар танин мэдэхүйн сургалт зэргийг зохион байгуулсан. Үр дүнд нь энэ онд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх ажил эрчимтэй эхлэхээр байна.
- Худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд иргэд маань ихээхэн анхаарал хандуулдаг болсон гэж боддог. Энэ нь магадгүй Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нутагшуулах хамгийн том шалтгаан байх. Өнгөрсөн жил туршилт явуулсан гэж та хэллээ. Туршилтаар ямар үр дүн гарсан бэ?
- Монгол оронд ургуулдаг төмс, хүнсний ногоо нь бусад хөгжингүй улс орнуудтай /олон жил газар тариалан хөгжсөн орнууд/ харьцуулахад харьцангуй эрүүл технологиор үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнууд ургацаа нэмэхийн тулд эрдэс бордоог их хэрэглэдэг байхад монгол оронд бордооны хэрэглээ харьцангуй бага. Мөн бусад оронд жилдээ 3-6 удаа ургамал хамгааллын бодисыг цацаж хэрэглэдэг бол манайд 1-2 удаа хэрэглэдэг.
Үүнээс харвал, Хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тэргүүний тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж үзсэн.
Монгол оронд зөвшөөрөгдсөн бодисыг технологийн дагуу, цаг хугацаанд нь зөв нормоор хэрэглэвэл эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэж байна гэсэн үг.
- Ногоочдод ямар давуу талыг олгох вэ гэж хүмүүс бодож байгаа байх?
- Дэлхийн хүн ам хурдтай өсөж, байгаль цаг уурын эрсдэл буюу цаг агаарын дулаарал бий болж байгаатай холбоотойгоор төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд ургамал хамгааллын бордоог улс орнууд ихээр хэрэглэх болсон тул эрүүл, аюулгүй байдал маш чухал болчихсон.
Хүмүүс аль болох эрүүл, аюулгүй хүнсийг худалдан авах чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талаар эрүүл, аюулгүй буюу Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоог зах зээлд нийлүүлэхгүй бол ногоочин хүн тариалсан хүнсний ногоогоо борлуулахад төвөгтэй болно.
Магадгүй хоёр жилийн дараа гэхэд бүх дэлгүүр, супер маркетууд Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчилгээ, лого бүхий төмс хүнсний ногоог авдаг болчихвол эхнээсээ зах зээл нь хумигдана. Энэ үед харин дадлаа нэвтрүүлсэн ногоочдод давуу байдал үүсэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болох юм.
Ногоочид өөрийнхөө үйлдвэрлэлд Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг ойлгох үедээ хүсэлтээ гаргавал бид баталгаажуулах байгууллагатай нь холбож өгөх юм.
- Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажуулах ажлыг энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?
- ISO баталгаажуулалт хийдэг компанитайгаа 2019 онд хамтран ажиллах явцдаа баталгаажуулах үйл явц, гарах өртөг зардлынхаа зураглалыг гаргасан. Өнгөрсөн оны төгсгөлд хүлэмжийн хүнсний ногоо тариалдаг хоёр аж ахуйн нэгжид баталгаажуулалтын гэрчилгээг нь олгосон.
2020 онд хамгийн багадаа төмс, хүнсний ногоо нийлүүлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжид ХААЗД нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ олгохыг зорьж, өмнөх бэлтгэл ажлыг хангаж байна.
- Баталгаажуулах байгууллагад холбож өгөөд гэрээ хийнэ гэлээ. Ингээд л гэрчилгээгээ авах уу?
- Гэрчилгээ олгоно гээд хүссэн болгонд нь өгнө гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг давж чадсан аж ахуйн нэгжүүдэд л олгоно. Туршилтын баталгаажуулалтын явцаас харахад нийт зургаа долоон чиглэлээр 83 шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.
Гэхдээ зохистой дадал нэвтрүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр өөрийгөө үнэлээд 50%-иас дээш хангаж байгаа бол манай төсөлд хандан хүсэлтээ гаргаснаар дараагийн шат дараалсан арга хэмжээнд хамрагдах боломжтой.
Баталгаажуулах байгууллага тарилтын өмнө нэг удаа аудит хийж, шалгуур үзүүлэлтүүдээс хэдэн хувийг хангаж байгааг нь дүгнэж гаргадаг. Хэрвээ уг шалгалтаар шаардлагад нийцээгүй зүйл байвал зөвлөхүүд тухайн ногоочинд зөвлөгөө өгөөд, засч сайжруулах хугацаа өгч наймдугаар сард буюу ургац хураалтын өмнө хоёр дахь аудитаар орно.
Энэ үед шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзвэл Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэх гэрчилгээг олгож, ногоочин зах зээлд нэвтрүүлж буй хүнснийхээ сав, баглаа боодол дээр нэвтрүүлсэн гэх тэмдгийг тавьж, борлуулах боломжтой.
- Органик хүнс, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн хүнсний ногооны ялгааг тайлбарлаж өгөхгүй юу. Энэ хоёр нь хоорондоо ялгаатай юу?
- Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлсэн төмс, хүнсний ногоо нь хоёр өөр ойлголт. Үүнийг хольж ойлгож болохгүй.
Органик төмс, хүнсний ногоо гэдэг нь тухайн хүнсний ногоог үйлдвэрлэхдээ ямар нэгэн химийн гаралтай бордоо, ургамал хамгааллын бодис огт хэрэглээгүй гэсэн үг.
Харин Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь тухайн улс оронд хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн дагуу зөв хэрэглэсэн байхыг хэлнэ. Ургамал хамгааллын бодис буюу пестицидыг хамгийн сүүлд ургац хураахаас 28 хоногийн өмнө хэрэглэсэн байх ёстой. Ингэвэл ургамал хамгааллын бодис нь бүрэн задраад хөрс болон ургамалдаа пестицидийн үлдэгдэл үүсгэдэггүй. Мөн хүний эрүүл мэндэд аюул учруулдаггүй.
Органик хүнс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч гэлээ аль ч өндөр хөгжилтэй оронд нийт үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногооны таван хувиас илүү гарч чадаагүй. Учир нь ургац нь бага байдаг тул зах зээл дээр ч өндөр үнэтэй гардаг.
Тэгэхээр заавал органик хүнс идэж байж эрүүл байна гэвэл үгүй юм. Аливаа ургамал, төмс хүнсний ногоог ургуулахад ногоочин хүн өндөр ургац авч байж ашиг олно. Дээрээс нь өвчин, хортон гарвал устгаж тэмцэх шаардлага гарах учраас ургамал хамгаалах бодис ашиглана. Гол нь үүнийг ашиглахдаа хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байхаар гэх ойлголт юм. Мөн органик ногоог бодвол үнийн хувьд ч бага.
- Хөдөө аж ахуйн зохистой дадлаар баталгаажсан лого тэмдгийг хэрхэн таних билээ?
- Дэлхий нийтээр Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдгийг GAP гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг. Ийм тэмдэг миний худалдан авсан төмс, хүнсний ногоон дээр байвал итгэл төгс худалдан авалт хийж болно.
Тэмдэглэгээ тавигдсанаар зах зээл дээр борлуулагдах төмс, хүнсний ногоо чанараараа ялгарч, эрүүл, аюулгүй хүнсний ногооны баталгаа бий болж буй хэрэг. Борлуулалтын газар, сүлжээ дэлгүүрүүд ч борлуулалтаа бодоод GAP тэмдэг тавигдсан ногоог л ногоочдоос авч эхэлнэ. Магадгүй 2-3 жилийн дараа төмс, хүнсний ногооны төрийн худалдан авалтаар Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн лого тэмдэглэгээтэй /GAP/ байна гэх шаардлагыг тавих байх.
- Ярилцсанд баярлалаа.
Bình luận