Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурал 2019.12.06 өдөр зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд үе үеийн агрономчид, эрдэмтэн, судлаачид, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид оролцож хүнсний ногооны салбарын түүхэн хөгжил, өнөөгийн үйлдвэрлэлийн түвшин, цаашид дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.
УГТХ, УХЭШХ болон ХААИС-ийн хүнсний ногооны чиглэлээр 2015 оноос хойш хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг олон нийтэд танилцуулсан. Түүнчлэн залуу судлаачид судалгааны ажлынхаа үр дүнгээр уралдаанд оролцсоноос УГТХ-ийн П.Насан-Ариун 1-р байр, ХААИС-ийн Б.Оюундарь, А.Сийриймаа нар 2-р байр, УХЭШХ-ийн М.Гантуяа 3-р байранд тус тус шалгарлаа.
Сүүлийн үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүнсний ногооны салбарт хэрхэн нөлөөлж байгаа, түүнд хэрхэн дасан зохицох, мөн хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлж буй дэлхийн дэвшилтэт “ухаалаг” техник технологийн танилцуулгууд хийгдэв.
Мөн “Хүнсний ногооны хэрэглээ, маркетиг” болон “Хүнсний ногооны салбарын хууль эрх зүй” гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг явагдлаа.
Хурлын үеэр “Буурцагтнаар хооллоё – Хөрсөө сайжруулъя” сэдэвт илтгэл тавигдсаны хүрээнд “Бурхадын зоог-Foody” компанитай хамтран төрөл бүрийн буурцагтнаар хийсэн 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг амтлуулж сонирхууллаа.
Уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан ХХААХҮЯ, ЭШХ-үүд, ХААИС бусад хамтрагч байгууллагууд болон хүрэлцэн ирсэн ахмад агрономчиддоо талархал илэрхийлье.
Хурлын илтгэлийн товхимол хэвлэгдэн гарсан тул та бүхэн Багшийн дээдийн 3 замын уулзварт байрлах UBH центерийн 15 давхарт байрлах Монгол ногоо төслийн оффис дээр хүрэлцэн ирж авна уу.
Comentários